"Фронт Цэгмид эв найрамдлын бэлгэ тэмдэг" үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Оросын соёл, шинжлэх ухааны төв, Монгол цэргийн музей хамтран “Фронт Цэгмид эв найрамдлын бэлгэ тэмдэг” үзэсгэлэнг Оросын соёл, шинжлэх ухааны төвд нээлээ.
Үзэсгэлэнд Аугаа эх орны дайны хүнд хэцүү цаг үед Монголын
ард түмнээс Зөвлөлтийн арми, ард түмэнд халуун сэтгэлээр тусалж байсан түүхэн баримтууд, 150 гаруй гэрэл зураг, бодит үзмэрүүдийг дэлгэжээ.
Энэхүү үзэсгэлэн 1941-1945 онд Ховд аймгийн Манхан сумаас ЗХУ-ын Бийск хот хүртэл 2700 км замыг 1000 гаруй тэмээгээр туулж, монгол түмний тусламжийн бэлгийг хүргэж өгсөн тухай өмнө нь олны хүртээл болж байгаагүй шинэ баримтад тулгуурлан бодит үзмэр, эд өлгийн зүйлээр баяжуулан 3D хэлбэрээр зохиомжлон дэглэснээрээ онцлог юм.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин Сүрэнхорын Цэгмид бол Дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед монголчуудын сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байжээ.