БАЯНХОНГОР: Аймгийн төв бууриа дөрвөн удаа сэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгуулагдсан үеэсээ Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумын нутагт шилжин байршиж, одоогийн оршин буй төвдөө 1961 онд суурьшсан түүхтэй.
1941 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор гурван аймаг нэмж байгуулсны нэг нь Баянхонгор аймаг. Тодруулбал, Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11.8 мянган өрх, 41.8 мянган хүнтэйгээр байгуулжээ.
Тухайн үед Баянхонгор аймагт Архангай аймгаас Баянхонгор, Бөмбөгөр, Мандал, Заг гол, Гурванбулаг, Баянбулаг, Өвөрхангай аймгаас Баянзүрх, Эрдэнэцогт, Баруун-Өлзийт, Баруун Богд, Жинст, Говь-Алтай аймгаас Хүрээмарал, Буянт, Цагаангол, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг 16 сумыг шилжүүлжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг томоохон
аймаг болох Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд оршдог. Өвөрхангай, Өмнөговь,
Говь-Алтай, Завхан, Архангай аймагтай нутаг залган БНХАУ-тай 140 км нутгаар хиллэсэн, 116 мянган хавтгай дөрвөлжин км
нутагтай томоохон аймаг юм. Нутаг дэвсгэр
Монгол орны Алтай, Хангай, Говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардгаараа онцлог.
Баянхонгор аймагт зочилбол хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гараг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булгийн хадны дурс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд, байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэн бэлчирийг үзэх боломжтой. Мөн одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цавууд, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр зөвхөн тус аймгийн нутаг говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгууд Хонгор нутагт бий.
БАЯНХОНГОР хэмээн нэрлэсэн нь:
Баян гэх нь бэлгэдлийн сэтгэлгээт монгол түмний байгаль дэлхийгээ үргэлжид дэлгэр баян байгаасай гэсэн өнө мөнх хүслийн нэгэн илэрхийлэл байдаг. Энэ нь монгол орны газар усны нэрд (топоним) хамгийн түгээмэл тодотгол нэр болдог.
Харин "хонгор" гэдэг нь Баянхонгор хайрхны оргил тэргүүний энгэр дээрх алга тэнийлгэсэн Бурхан Буддагийн мутар мэт хэлбэр бүхий элсний өнгөтэй холбоотой юм.