Угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд авсан 250 гаруй гэрэл зургийг анх удаа хэвлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-07 16:21:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож буй.


Энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн эрхлэгч Г.Бямбарагчаагийн санаачлан хэвлүүлж буй “Дорныг дурандахуй” Унгарын угсаатан судлаач Ласло Фөлдешийн гэрэл зургийн  цуглуулга дахь монголчуудын дүрслэл номыг олны хүртээл болголоо.


Номын нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэлэхдээ, “Унгар, Монголын эрдэмтэд олон жил монголын түүх, нүүдэлчдийн ахуй соёл, уламжлалын талаар судалсаар ирсэн. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улсын эрдэмтдийн хамтын судалгааны тасралтгүй үргэлжлэлийн нэг. Унгарын судлаачид мэргэжлийн түвшинд Монголын нүүдэлчдийн түүхийг судалж XX зуунд шинжлэх ухааны судалгаа хийх ажлыг эхлүүлсэн. Тэдний хийсэн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг манай судлаачид мэдэх боломжийг олгож өгсөн” хэмээн онцлов.


Унгарын ШУА-ийн угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, монгол судлаач Жолт Силаги хэлэхдээ, “Түүний бүтээлүүд дундаас хамгийн алдартай нь 1961 онд хэвлүүлсэн угсаатны зүйн хээрийн судалгаа бөгөөд Евроази, Хойд Африкийн бүс нутаг дахь мал аж ахуйн талаарх материал гол эх сурвалж болгон ашиглаж байна. Ласло Фөлдешийн докторын ажлын гол онцлог нь мал аж ахуй эрхлэлт, тэр дундаа бэлчээр ашиглалтын өөрчлөлтийг Европ, Газар дундын тэнгисийн өмнөд хэсэг болон түүний ойролцоох бүс нутаг дахь ард түмний мал аж ахуйн хэлбэрийг ландшафтын өөрчлөлттэй харьцуулж үзсэн байдаг. Фөлдешийн Монголд хийсэн судалгаа түүнд маш их судалгааны эх баримт, хэрэглэгдэхүүн цуглуулахад хувь нэмэр болсон” гэв.

 

“Дорныг дурандахуй” номд угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд хийсэн хээрийн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зургийг анх удаа хэвлэсэн бөгөөд зүүн бүс нутгийн монголчуудын ахуй амьдрал, гэр орон сууц, хувцас, малчдын нүүдэл, нутагшил, гэр ахуйн эдлэл хэрэгсэл, гар урлал зэрэг олон талын мэдээлэл агуулж буйгаараа онцлогтой.


Ласло Фөлдеш 1967 онд анх Монголд ирсэн бол түүний авсан гэрэл зургууд нь ХХ зууны дунд үеийн монгол малчдын нутагшил, нүүдлийн мал аж ахуй эрхлэлт, монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, хувцас, гэр, орон сууц, эдлэл хэрэгслийн талаарх олон мэдээллийг агуулсан байдаг аж.


Түүний судалгааны явцад авсан 700 гаруй гэрэл зургийг өдгөө Унгарын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хальс болон цаасан хэлбэрээр хадгалж байна. Эдгээр гэрэл зургийг өмнө нь огт хэвлэж байгаагүй бөгөөд олон улсын монгол судлаачдын дунд өдийг хүртэл танигдаагүй байгаа судалгааны эх сурвалж, баримт юм. Мөн архивт 561 хар цагаан, 274 өнгөт гэрэл зураг, Фөлдешийн хийсэн богино хэмжээний киноны бичлэгийг агуулдаг.



 

Связанные новости