БАЯН-ӨЛГИЙ: Б.Хашат агсны нэрэмжит уулын гүйлтийн УАШТ зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Явган аяллын болон уулын спортын мастер, багш Бухатханы Хашат агсны нэрэмжит скайранинг-уулын гүйлтийн улсын аварга шалгаруулах “Ulgii race-2025” уралдааныг Баян-Өлгий аймагт тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна.
Тус уралдааныг
Б.Хашат агсны хүү, ”Сайр” ХХК-ийн захирал, олон улсын хэмжээний спортын мастер
Хашатын Серикийн санаачилгаар, аймгийн ЗДТГ, Биеийн
тамир, спортын газар, Онцгой байдлын газар, Алтай таван богд уулын спортын
холбоо болон Монголын уулчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулна.
Уралдааныг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, насанд хүрэгчдийн ангиллаар явуулах бөгөөд өсвөрийн 15-17 насны тамирчид 10 км, өгсүүр 649 метр зайд, насанд хүрэгчид 21 км, өгсүүр 1100 метр зайд уулын буюу өндрийн замд гүйж өрсөлдөх юм.
Уралдааны шагналын сан 15 сая төгрөг бөгөөд эхний байрт орсон тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгох бол замаа бүрэн дуусгасан оролцогч бүрд медаль гардуулна хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Мөн УАШТ-ий 21 км-ийн эрэгтэй, эмэгтэй 2 ялагч 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малайз улсад зохион байгуулах Дэлхийн скайраннингийн цуврал уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулах юм. Тус эрхийн бичигт онгоцны тийз, уралдааны бүртгэлийн хураамж багтах аж.
Ташрамд, Бухатханы Хашат нь Монгол Улсын явган аяллын болон уулын спортын мастер, багш, сурган хүмүүжүүлэгч нэгэн байсан бөгөөд Монгол, Итали, Герман, Америк, Япон, Франц зэрэг улсын тамирчдын хамт олон улсын уулчдын багийн бүрэлдэхүүнд багтан Алтай таван богдын мөнх цаст оргилууд болон Отгонтэнгэр, Мөнххайрхан, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Сутай, Цагаан дэглий оргилуудыг хэд хэдэн удаа амжилттай эзэлж, гайхалтай амжилтуудад хүрсэн, 12 жилийн хугацаанд зургаан спортын мастер, зургаан нэгдүгээр зэргийн, 25 хоёрдугаар зэргийн, 50 гуравдугаар зэргийн уулчин болон явган аяллын тамирчин бэлдэхийн хажуугаар клубтээ 200 гаруй гишүүнтэй болж байсан түүхтэй нэгэн бөгөөд явган аялал, уулын спортоос гадна бокс, буудлага, спортын гимнастикаар мөн амжилттай хичээллэж, хүүхэд залуучуудыг спортоор идэвхтэй хичээллүүлэх, сурган хүмүүжүүлэх үйлст ихээхэн хувь нэмэр оруулсан юм.