Казахстанд ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тэтгэвэр тогтоох хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-09 15:36:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.


Тус хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр настны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэнэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.


Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 3115 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Связанные новости