2030 онд янжуур тамхины дундаж үнэ 15 мянган төгрөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-27 17:08:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.


Монгол Улс анх 1993 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг баталж, 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Тамхины хяналтын тухай хуульд 2012, 2015, 2019, 2022, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон нийтийн газар тамхи хэрэглэх болон сурталчлах үйл ажиллагааг бүрэн хориглох, боловсролын байгууллагын орчинд 500 метр зайд тамхи худалдаалахыг хязгаарлах, эрүүл мэндийн сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээх зэрэг үйл ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн.


Монгол Ардын намын бүлэг мэдээлснээр, энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр тамхины онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлж татварын орлогыг Спортын дугуйлан сурагчдын үдийн хоолонд зарцуулах, хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх ажилд зарцуулахаар тусгасан. Мөн шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон болон халаадаг тамхин бүтээгдэхүүн, никотин, никотин бус бодис дамжуулах систем зэрэг зохицуулалтгүй байсан эдгээр төрлийг тамхины төрөлд хамруулан хуульчилж өгөхөөр тусгаад байна. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хуурамч тамхины худалдаа нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарч буй нь үндэслэлгүй.  2017 онд гаалийн татварыг нэмэгдүүлэхэд хуурамч тамхины худалдан авалт 13 хувь байсан нь 6.3 хувь болж буурчээ.


Сангийн яамнаас мэдээлж буйгаар онцгой албан татварыг нэмэгдүүлэхтэй холбоотой янжуур тамхины дундаж үнэ 2026 онд 4366, 2027 онд 7082, 2028 онд 9815, 2029 онд 12560, 2030 онд 15339 төгрөг болно хэмээн тооцоолж байна.


Мөн Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор жил бүр 300-550 орчим зөрчлийг илрүүлж 15-40 сая төгрөгийн торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас авч ажиллаж байна. Зөрчлийн 50 орчим хувийг боловсролын байгууллагын орчинд 500 метр зайд тамхи худалдаалахыг хориглохтой холбоотой зөрчил эзэлдэг тухай ЦЕГ-аас мэдээлэв.


2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт орж байна. Монгол Улсад жил бүр тамхинаас шалтгаалсан 4300 орчим нас баралт бүртгэгдэж, өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн статистик үзүүлэлт байна.


Связанные новости