БУЛГАН: Могод суманд мал эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Могод суманд энэ сарын 10-11-нд зохион байгуулсан “Эрүүл малчин–2025” зөвлөгөөнд 80 гаруй малчин оролцож, малын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр халамж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авч, санал солилцжээ.
Зөвлөгөөний үр дүнд сумын малчид болон мал бүхий иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан мал эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх ажлын байртай болж, анхан шатны лабораторийн шинжилгээг газар дээр нь хийх боломжтой болсон байна.
Аймгийн Мал эмнэлгийн газраас Могод сумын мал эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний төвд лабораторийн анхан шатны багаж, хэрэглэгдэхүүн хандивласан нь малын өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт бодитойгоор дэмжсэн чухал алхам боллоо.
Зөвлөгөөний үеэр мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй тэргүүний малчдадаа дараах шагналуудыг гардууллаа.
“Залуу малчин” алтан медалиар Б.Ихбаяр, аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр
Ш.Ганганмөрөн, Д.Батцэцэг, П.Уянга, аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр Д.Зандан, аймгийн
Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ж.Бямбажав, Ч.Мөнхбаяр, аймгийн Засаг даргын
“Баярын бичиг”-ээр Д. Хажидмаа, Л.Одончимэг нарыг шагнасан байна.
Могод сум нь Жаргалант, Баясгалант, Баянгол, Баянуул, Эрхт гэсэн 5 багт 1100 орчим малчин 70 мянга гаруй толгой малыг өсгөн үржүүлж байна. Тухайн сум нь малын голомтот өвчлөлгүй юм.