БАЯНХОНГОР: Аймгийн хэмжээнд 27 мянга гаруй гэр бүл бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-15 13:08:03

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын "Гэр бүлийн өдөр". Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 31 жил болж байгаа бол Монгол Улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 21 дэх жилдээ тэмдэглэж байна.


Баянхонгор аймгийн хэмжээнд 27101 гэр бүл бүртгэлтэй. Нийт гэр бүлийн 17 мянга гаруй нь хөдөө сумдад амьдарч байгаа бол аймгийн төвд 10 мянга орчим гэр бүл амьдарч байгаа юм. Үүнээс өрх толгойлон амьдарч буй эцэг, эхийн тоо 5000 шахам, өрх үүсгэн ганц биеэр амьдарч буй өндөр настан 2300 орчим байна.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Тиймээс ч Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлан, гэр бүлд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт ажлын байрыг бий болгох чиглэлээр ажилласан байна.


Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлд зориулсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Гэрлэх ёслолын ордон Баянхонгор суманд 2023 оны долоодугаар сард үүдээ нээсэн. Тус ордон гэр бүл батлах үйл ажиллагаанаас гадна гэр бүлийн үнэ цэнийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг хийх Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийг мөн ажиллуулж байна.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу "Алсын хараа 2050", Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт "Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, идэвхтэй бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ" гэсэн зорилтын хүрээнд цогц ажил өрнөж байгаагийн нэг нь тус бүтээн байгуулалт болжээ.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хамгийн олон хүүхэдтэй гэр бүл Баянхонгор аймгийн Галуут суманд амьдарч байжээ. Тус сумын малчин, нутгийн олондоо Жааханбуу гэж авгайлагддаг н.Адъяа 21 хүүхэд /14 хүү, 7 охин/-тэй болсон байдаг. Мөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой дөрөвдүгээр багийн малчин Н.Хавх нутгийн бүсгүй Л.Дуламтай 1950 онд гэр бүл зохиож, 20 хүүхдийн аав, ээж болжээ. Өдгөө тэдний үр, ач, зээ нийлээд 200 гаруй болоод буй.

Связанные новости