ДОРНОГОВЬ: "Дорнын алтан аялгуу" ном дуудлага худалдаагаар 700 мянган төгрөгийн үнэ хүрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын "Хурмаст тэнгэр төв"-ийн 70 жилийн ойд зориулан бүтээсэн "Дорнын алтан аялгуу" нэртэй "Дорноговийн зохиолчдын цоморлог-II боть" шинэ бүтээлийн нээлт Сайншанд суманд өчигдөр болсон.
Дорноговь нутгийн 108 уран бүтээлчийн зохиол
бүтээл, намтар, "Хурмаст тэнгэр төв"-ийн он дарааллын түүхэн товчоон, гэрэл зургууд, дурсамж
тэмдэглэл,
Дорноговь аймгийн тогтмол хэвлэл “Ялалт” сонинд архивлагдан үлдсэн шүлгүүд, утга зохиолын шагнал хүртсэн
уран бүтээлчдийн жагсаалт зэргээс бүрдсэн 824 нүүр бүхий номыг нээлтийн үеэр дуудлага худалдаанд оруулсан байна.
Номын анхны үнэ нь 108000 төгрөг байсан бол номын нээлтэд оролцогчид үнийг нэмж дуудсаар Дэчэнчойнхорлин хийдийн хамба лам Б.Сэнгээ 700000 төгрөгөөр үнэлж авчээ.
Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс эрхлэн гаргасан эл номд
нутгийн залуу дунд, ахмад үеийн бүхий л зохиолчдын олон төрлийн бүтээл туурвилыг оруулснаараа утга агуулга, хэлбэр хийцийн хувьд
даацтай шинэлэг бүтээл болсон байна.