“Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-21 11:29:22

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүд эхэлсэнтэй холбогдуулан “Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг эхлүүлжээ.


Энэхүү аян нь орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг дэмжих зорилготой аж. Аяныг нийслэлийн долоон дүүрэг 108 хороо, 16 аймгийн 32 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд өрөл, голт бор, монос, гүйлс, буйлс зэрэг навчит модны 3-4 настай 40 мянган суулгацыг тарихаар төлөвлөжээ.


Айл өрхүүдэд мод тарих төслийг хэрэгжүүлэхэд ААН, ТББ, нөхөрлөлүүд стандартын дагуу услах, өвчин хөнөөлт шавжаас хамгаалах, хөрс сийрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах юм. Хашаандаа таван мод тариулах айл өрхүүд хүсэлтээ E-Mongolia аплэйкишнээр илгээж, бүртгүүлнэ. Харин дээрх аянд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагууд БОУАӨЯ-ны 101 тоотод хүсэлтээ ирүүлэх боломжтой.


Тэгвэл энэхүү аянд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган дахин төлөвлөлтөд орсон айлуудыг хамруулахгүй аж.




Связанные новости