“Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-22 17:27:32

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй зохион байгуулж байна.


Хоёр өдөр үргэлжлэх хурлаар жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хоорондын хамаарлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг уялдаа холбоотой шийдвэрлэхэд түлхэц өгөх зорилготой. Уг хурал Монгол Улсад 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг угтан Жендэрийн үндэсний хорооны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.


Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн асуудлаарх эрдэмтэн, судлаачдын бүлгийн гишүүн, дэд профессор Н.Болдмаа ярихдаа, “Хурлын үндсэн асуудал нь жендэрийн эрх тэгш байдал юм. Үүнд насны зөрүүтэй байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, олон талт асуудал Монгол Улсын хувьд тулгамдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн орлого, шилжилт хөдөлгөөн, ядуурал, эмзэг байдал нөлөөлж байна. Аливаа нэгэн асуудлыг дан байдлаар авч үзэхээс илүүтэй салбар дундын асуудал гэдгийг анхаарч буйгаараа онцлогтой. 2024 оны тайлангаар Монгол Улс жендэрийн зөрүүтэй байдлын индексээрээ олон улсад 120 дугаарт жагсаж байна. Иймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүлгийг татан оролцуулна. Монголд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтэд нэрвэгдсэн. Монголбанкны судалгаагаар дулаарал нэг градусаар нэмэгдэхэд ДНБ 46 хувиар буурдаг. Сүүлийн 83 жилийн хугацаанд Монгол Улс үндсэн темпаратур газрын хөрсөнд 2.46 градусаар нэмэгдэж байна” гэв.


Тэгвэл Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин ярихдаа, “Монгол болон Ази, Номхон далайн бүс нутгийн хүрээнд эмзэг бүлэг болон охид эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралд өртөж байна. Тиймээс хүмүүсийг чадавхжуулах, гарц гаргалгааны талд бодит туршлага хуваалцаж байна. Азийн хөгжлийн банкнаас орон нутгийн иргэдийн тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн. Монголын хүн амын тал нь хөдөө амьдардаг малчин. Малчдын амьжиргаа нь бэлчээрээсээ хамааралтай. Гэтэл нийт газар нутгийн 65 хувь нь бэлчээрийн доройтолттой гэсэн судалгаа бий. Тиймээс энэ бүлэгт анхаарал хандуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай. Мөн уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой зудын давтамж нэмэгдсэн. Цаашид тогтвортой менежментийг хийж, малчин иргэдийг нийлүүлэлтийн сүлжээнд холбож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох малчин өрх орлогын хувьд илүү чадамжтай байхад анхаарч ажиллана” хэмээлээ.


Хурлыг угтаж төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг нийслэл болон 21 аймагт зохион байгуулжээ. Дээрх уулзалтын санал, зөвлөмжийг энэхүү олон улсын хурлаас гарах уриалгад тусгах аж. 



Связанные новости