Индонез Улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-23 12:22:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Сайд Б.Батцэцэг, Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор Индонез, Филиппин улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн ач холбогдол болон айлчлалынхаа үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Тухайлбал, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай зарим түүхий эд, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцооны ихээхэн нөөц боломжууд бий бөгөөд харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, агаараар зорчигч болон ачаа тээвэрлэх шууд гарц нээх чиглэлээр яриа хэлэлцээ явуулж буйг дурдлаа.


Дэлхийд хүн амын тоогоор 4-т ордог, эдийн засгийн хүч чадал, бүс нутаг дахь нөлөө нь эрчтэй өсөн нэмэгдэж буй Индонез улсад анхаарал хандуулж, харилцаагаа идэвхжүүлэн, Элчин сайдын яамаа сэргээн нээсэн нь оновчтой шийдвэр болсныг иргэд хэлж, талархал илэрхийлж байв. Одоогоор тус улсад харьцангуй цөөн иргэн оршин суудаг ч хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг дэмжих замаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг Гадаад харилцааны сайд хүслээ.


Түүнчлэн иргэд ЭСЯ-наасаа шаардлагатай тусламж дэмжлэг авахын зэрэгцээ суугаа орныхоо хууль, ёс заншлыг хүндэтгэн сахин, өөр хоорондоо байнга холбоотой байж, бие биедээ дэмнэн, үр хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалыг нь өвлүүлэхэд анхаарч, тус улс дахь Соёлын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцоотой байхыг захилаа.


Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд тэд тус улс дахь олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компани, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад ажиллаж, их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байгаа нь монгол хүн дэлхийн аль ч улс оронд хариуцлагатай ажил, албан тушаал хаших хэмжээнд өндөр чадвартай, нэр хүндтэй байгааг харуулж буй бахдам жишээ болохыг сайд Б.Батцэцэг онцолж, тэдний ажил амьдралд амжилт, сайн сайхныг хүслээ гэж ГХЯ-наас мэдээлэв.


Связанные новости