Оюу толгойн асуудлаарх сонсголд 95 гэрч оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
Тус сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн
гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн
хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч
хэрэгжүүлсэн ажил, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан
шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан,
гэрчүүдээс асуулт асууж хариулт авч, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авч
байна.
Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт
оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн
асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох
баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюу толгой төслийн санхүүжилт
ба далд уурхайн бүтээн
байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, үр
дагаврын асуудлыг хэлэлцэх юм. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюу толгойн бүлэг
ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох
баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.
Өнөөдрийн сонсголд нийт 142 гэрч дуудагдсаны 126-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 16 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 31 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн учраас 95 гэрч оролцож байна. Сонсголын хөндлөнгийн ажиглагч, оролцогчоор Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
Энэ сарын 8-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225),
“Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг
тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн
хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн
судалсан бол 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт,
өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон
улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил, үр
дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм.
Ulaanbaatar