ЗАВХАН: Уулчид Эльбрус оргилд амжилттай гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.
Завхан аймгийн уулчид Европ тивийн ноён оргил Эльбруст өнөөдөр амжилттай авирчээ.
Уулчид 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон нутгийн цагаар 06.33 минутад ОХУ-ын Кабардин-Балкарид орших Европ тивийн ноён оргил Эльбрусийн 5642 метрийн оргилд гарсан байна.
Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубийн уулчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай авиралтыг ахалж, тус клубийн уулчин С.Болор-Эрдэнэ, М.Пүрэв нар амжилттай оргилд гарчээ.
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай нь дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын 14 дэх нь болох Ши ши пангма оргилд соло авиралтыг хийж оргил дээр нь үндэсний дээлтэй зогсож байсан анхны монгол хүн юм.
Мөн тэрбээр гадаад, дотоодын олон оргилд амжилттай авирсан туршлагатай уулчин юм. Харин түүний хамтрагчид болох С.Болор-Эрдэнэ, М.Пүрэв нар нь, 7000 метрээс дээш 3-4 ууланд авирсан төдийгүй эх орныхоо мөнх цаст оргилуудад авирсан туршлагатай уулчид.
Эльбрус нь Кавказын нурууны хамгийн өндөр цэг, далайн түвшнээс дээш 5642 метрт өргөгдсөн, ОХУ-ын Кабардин-Балкари бүс нутагт байрладаг зүүн, баруун хос оргилтой. Дэлхийн хамгийн алдартай 10 дахь оргил юм.
"Энэ жил Эльбрус
уулын цаг агаар их салхитай байна гэж нутгийнхан хэлж байв. Биднийг очиход цаг агаар таагүй байсан учраас 7 хоног өндөр авалт хийж, цаг агаар тогтуун болохыг хүлээгээд 5 дугаар сарын 22-ноос авиралтаа эхлээд
өнөөдөр оргилд амжилттай гарлаа.
Уулын спорт бол
эр зориг, тэсвэр тэвчээрийн спорт. Энэ спортыг сонирхож хичээллэдэг
хүмүүсийн тоо Завхан аймагт нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Манай клуб ч уулын
спортыг хөгжүүлэхийн тулд эх орныхоо олон оргилд амжилттай авирах уулчдыг
дэмжиж зөвлөн тусалдаг. Уулын спортыг хөгжүүлэхэд урам өгдөг гэр бүл, найзууд,
клубийн уулчдадаа баярлалаа. Энэ удаагийн авиралтад дэмжлэг үзүүлсэн Завхан
аймгийн "Алаг уул" дэлгүүрийн хамт олонд талархсанаа илэрхийлье" гэж Ө.Батманлай
мэдээлэв. Уулчид энэ сарын 25-нд эх орондоо ирэх юм.
Ташрамд, дэлхийн хэмжээнд хамгийн их эрсдэл гардаг, аюултай оргилын тоонд Эльбрус ордог ажээ. Гэвч Эльбрус уулчдыг соронзон мэт татдаг энэ оргил цас мөсөөр хучигдсан байдалтай харагддаг. Уулыг дамнаад 23 мөсөн гол бий. Хоёр оргилтой, галт уулын тогоотой. Өрнө зүгтээ 5642 метр, дорно зүгтээ 5621 метр өндөртэй ажээ.