Газар тариалангийн ухаалаг систем нэвтрүүлэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-26 11:59:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Буянт Төв” компани болон ОХУ-ын “Клевер Фармер” компани газар тариалангийн ухаалаг системийг туршилтаар нэвтрүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг энэ сарын 23-нд байгууллаа.


“Клевер Фармер” компани нь ОХУ-даа газар тариалангийн ухаалаг технологи, удирдлага бүхий нэгдсэн систем нэвтрүүлсэн туршлагатай. Тус компани болон “Буянт Төв” компанитай хамтран туршилтын журмаар нэвтрүүлэх систем нь цаг агаарын мэдээ, тариалангийн талбай хүртээмж, хөрсний бүтцэд ухаалаг технологийн тусламжтай үнэлэлт дүгнэлт өгч, га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм. Монголын цаг уур, байгалийн өвөрмөц нөхцөлд тохирсон ухаалаг системийг нэвтрүүлснээр тариаланчид хөрс боловсруулалт, тариалалт хийхээс эхлээд, ургамал бордох, хамгаалах, улмаар ургац хураах хүртэл тариалалтын бүх шат дамжлагыг тоон өгөгдөлд тулгуурласан шийдлийн дагуу орчин үеийн технологиор хийх нөхцөл бүрдэх аж.


Уг үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс нар оролцжээ.

 

Связанные новости