Наполеоны сэлмийг үнэ хаялцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 28 /France 24/. Францын эзэн хаан Наполеоны эдэлж хэрэглэж байсан сэлэм Парист болсон дуудлага худалдаагаар 4.7 сая орчим еврогийн үнэ хүрч зарагджээ.
Наполеон 1802 онд захиалж хийлгээд, хаанчлалынхаа туршид хадгалж байсан уг сэлэм 4.66 сая евро буюу 5.27 сая ам.доллараар зарагдсан тухай “Drouot” дуудлага худалдааны ордон мэдээлжээ. “Giquelo” компаниас зохион байгуулсан уг дуудлага худалдааг тус ордонд явуулсан байна.
Наполеон хожим нь сэлмээ ойрын хамтран зүтгэгч Эммануэл де Грушид өгсөн бөгөөд түүнийг эзэнт гүрний маршалаар томилж байжээ. 1815 оноос хойш буюу Наполеон Ватерлоогийн тулаанд ялагдсанаас хойш уг сэлэм Грушигийн гэр бүлд хадгалагдсаар ирсэн байна.
Дуудлага худалдаагаар зарагдсантай яг адилхан Наполеоны хоёр дахь сэлэм нь Санкт-Петербургийн Эрмитаж музейд хадгалагдаж байгаа ажээ.
Сэлэмний анхны үнэ нь 700 мянгаас 1 сая еврогийн хооронд байв. Харин эцсийн үнэ нь Наполеонтой холбоотой түүхэн дурсгалт зүйлсийн дуудлага худалдааны дээд амжилтыг эвдэх дөхсөн байна. Маренгогийн тулалдааны үед Наполеоны хэрэглэж байсан өөр нэг сэлэм 2007 онд болсон дуудлага худалдаагаар 4.8 сая еврогоор зарагдаж, хамгийн өндөр үнэ хүрч байв.
2024 онд Наполеоны гар буунууд дуудлага худалдаагаар 1.69 сая еврогийн үнэ хүрч байсан бол 2023 онд түүний гурвалжин оройтой малгай 1.9 сая еврогоор зарагджээ.