Дэлхийн боксын холбоо: Бүх тулаанчийг хүйсийн сорилд хамруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОЗАНН, 2025 оны тавдугаар сарын 31 /DW/. Дэлхийн боксын холбооны тэмцээн уралдаануудад оролцох хүсэлтэй эрэгтэй, эмэгтэй тулаанчдад заавал хүйсийн сорилд хамруулах шаардлага тавихаар болсон талаараа тус холбоо баасан гарагт мэдэгджээ.
“Заавал сорил өгөх шаардлагыг нэвтрүүлэх нь бүх оролцогчийн
аюулгүй байдлыг хангах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд өрсөлдөхүйц тулааныг
бий болгох зорилго бүхий “Хүйс, нас, жин”-гийн талаарх шинэ бодлогын нэг хэсэг юм”
гэж боксын холбоо мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд болсон Парисын Олимпын үеэр Алжирын боксчин
Иман Хелифтэй холбоотой маргаан гарсны дараа ийм шийдвэр гаргаж байна. И.Хелифийн
итали өрсөлдөгч өөрийг нь хэтэрхий хүчтэй цохисон тул түүнийг эмэгтэй хүн биш хэмээн
ямар нэгэн үндэслэлгүйгээр мэдэгдээд тулалдахаас татгалзаж байв. Харин
И.Хелифийн хувьд тэмцээнээ үргэлжлүүлж алтан медаль хүртсэн билээ.
Нидерландад ирэх зургаадугаар сарын 5-10-ны хооронд болох Эйндховен боксын цомын тэмцээнд оролцохоос нь өмнө И.Хелифээс хүйсийн сорил авах ёстой гэж Дэлхийн боксын холбооноос Алжирын боксын холбоонд мэдэгдсэн байна. Дэлхийн боксын холбоо мөн 2028 онд болох Лос-Анжелесын Олимпын боксын тэмцээнийг зохион байгуулахыг Олон улсын олимпын хорооноос хүсээд байгаа ажээ.