Катар, Саудын Арабын багууд ДАШТ-ий эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ДОХА, 2025 оны аравдугаар сарын 15 /ESPN/. Катар, Саудын Арабын шигшээ багууд мягмар гарагт Азийн сонгон шалгаруулах тэмцээний дөрөв дэх шатанд хэсгээ тэргүүлснээр ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа.
Катарчууд АНЭУ-ыг
2:1-ээр хожсон бол Саудын Арабын баг Ирактай 0:0-ээр тэнцжээ. Ингэснээр 2022
оны ДАШТ-ийг зохион байгуулахдаа хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожигдож
байсан Катарын шигшээ баг сонгон шалгаруулалтаас шалгарсан анхны тохиолдол болж
байна.
Харин 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах Саудын Арабын хувьд
ирэх онд Хойд Америкт болох тэмцээн нь тэдний оролцох долоо дахь ДАШТ болох юм.
АНЭУ-ыг буулган авснаар Катарын шигшээ А хэсгийг тэргүүлсэн
бол хоёрдугаар байрт бичигдэж буй АНЭУ ирэх 11 дүгээр сард Ирактай тоглохоор
боллоо. Харин Оман хэсгийн гуравдугаарт бичигджээ.
ДАШТ-д оролцох эрхээ хэдийн баталгаажуулаад байгаа Япон, Өмнөд Солонгосын багууд нөхөрсөг тоглолтод Өмнөд Америкийн багуудыг хожсон байна. Тодруулбал, Японы шигшээ Бразилыг анх удаа хожиж,Токиод болсон тоглолтод 3:2-ын харьцаагаар илүүрхжээ. Тоглолтын 71 дэх минутад Аясе Үэдагийн толгойгоороо оруулсан гоол багтаа хожил авчирсан байна.
Мөн Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Парагвайг Сөүлд 2:0-ээр буулган
авчээ.