Төрийн ордон анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-01 11:38:38

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд  нээж, анхны зочдоо хүлээн авчээ.


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээлтийн үеэр "Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг дурджээ.


Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.

Төрийн ордонд анх удаа нээж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан оньсон тоглоом, хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. 









Связанные новости