Орос, Украины талууд олзлогсдыг дахин солилцохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-03 10:07:51

ВИЛЬНЮС, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. Украин, Оросын төлөөлөгчид олзлогдсон цэргүүдийг дахин солилцох тохиролцоонд хүрсэн тухай Украины Ерөнхийлөгч В.Зеленский Истанбулд даваа гарагт хийсэн хоёр улсын төлөөлөгчдийн хоёр дахь үе шатны хэлэлцээ дууссаны дараа мэдэгдсэн байна. 


Тэрбээр Литвийн нийслэл Вильнюс хотод болсон "Бухарестын ес" ба Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ энэхүү мэдэгдлийг хийжээ. 


Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ, Орос, Украины хооронд олзлогсдыг солилцох ээлжит ажиллагаагаар 1000-1200 хүнийг солилцож магадгүй гэдгийг мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. Ингэснээр энэ удаагийн солилцоо 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш олзлогсдыг солилцох хамгийн том ажиллагаа болж магадгүй байна. 


Истанбул хотод болсон хэлэлцээний үеэр Украины тал гурван үндсэн санал дэвшүүлсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Рустем Умеров уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд гал зогсоох, олзлогдсон бүх цэргийг суллах болон хулгайлагдсан хүүхдүүдийг эх оронд нь буцаах, мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах" гэсэн гурван саналыг дэвшүүлсэн байна.


Р.Умеровын хэлснээр, Украины тал өөрийн шаардлагуудыг тусгасан баримт бичгээ Оросын талд тавдугаар сарын 28-нд хүргүүлсэн байна. Харин Оросын тал “санамж бичиг”-ээ зургаадугаар сарын 2-нд Истанбулд болсон уулзалтын үеэр гардуулсан гэдгийг Р.Умеров дурджээ.


Олзлогсдыг дахин солилцохоор тохиролцсон тухайд тэрбээр хэлэхдээ, талууд хүнд өвдсөн цэргүүдийг харилцан солилцохоор тохиролцсон гэдгийг онцолсон байна. “Мөн 18-25 насны цэргүүдийг солилцохоор тохиролцсон. Солилцоог "бүгдийг бүгдээр" гэсэн зарчмаар явуулах ёстой. Түүнчлэн талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг “6000-ыг 6000-аар” гэсэн зарчмаар солилцохоор тохиролцсон” гэж тэрбээр хэлжээ. 


ТАСС агентлагийн мэдээлснээр, Истабул хотын Чираган ордонд даваа гарагт буюу өчигдөр хаалттай хэлбэрээр хийсэн хэлэлцээ цаг гаруй үргэлжилжээ. Өмнөх уулзалтын адил Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх В.Мединский, Украины төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлсэн байна.


Орос, Украины дайныг дуусгах тухай шууд хэлэлцээний эхний үе шат мөн Истанбулд тавдугаар сарын 16-нд болсон бөгөөд талууд гал зогсоох талаар ахиц гаргаагүй юм. Уг уулзалтаар “1000:1000” гэсэн зарчмаар олзлогсдыг солилцохоор тохиролцож, тохиролцоогоо хэрэгжүүлсэн нь гурван жилийн дараах анхны уулзалтаас гарсан цорын ганц ахиц дэвшил болсон юм.

Связанные новости