БРЮССЕЛЬ, 2025 оны есдүгээр сарын 13 /DW/. НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагааг ойрын өдрүүдэд эхлүүлнэ гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте баасан гарагт мэдэгджээ.
Тэрбээр Брюссель дэх НАТО-гийн төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Польшийн агаарын орон зайг Орос зөрчсөний дараа Зүүн Европын гишүүн орнуудыг хамгаалах зорилгоор НАТО шинэ ажиллагаа эхлүүлж байна гэсэн байна.
"Eastern Sentry" хэмээн нэрлэсэн уг ажиллагаанд Герман, Франц, Их Британи зэрэг орнууд оролцох ажээ. ОХУ агаарын орон зайд хариуцлагагүй үйлдэл хийх нь нэмэгдсээр байгаа тул Европын зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх үүднээс "Eastern Sentry" ажиллагааг ойрын өдрүүдэд эхлүүлнэ гэж М.Рютте онцлон дурджээ.
Европ дахь НАТО-гийн Нэгдсэн зэвсэгт хүчний командлагч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэслэгч генерал Алексус Гринкеви мэдэгдэхдээ, "Eastern Sentry" ажиллагаа эвслийн зүүн жигүүрийг бүхэлд нь хамгаалах зорилготой гээд ажиллагааг эхлүүлэх тушаалыг аль хэдийн өгсөн гэв. Уг ажиллагааны хүрээнд агаарын болон газар дээрх хамгаалалтыг бэхжүүлж, ажиглалтын хэрэгслүүд, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдийг нэмж байрлуулна гэдгийг тэрбээр мэдээлсэн байна.