Д.Трамп: Украин, Оросын удирдагчидтай Туркт уулзахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-03 15:22:34

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /Anadolu/. Орос, Украины дайныг зогсоох өргөн хүрээний санаачилгын хүрээнд тус хоёр улсын удирдагчидтай уулзахад "нээлттэй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Цагаан ордон даваа гарагт уламжилжээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт сэтгүүлчдэд хэлэхдээ, Ерөнхийлөгч ийм уулзалтыг хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн, гэхдээ тэрбээр хоёр удирдагчийн хамт хэлэлцээний ширээний ард суухыг хүсэж байгаа гэжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийгөө болон гурван улсын удирдагчдыг оролцуулсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулах саналыг даваа гаргийн өглөө дэвшүүлсний дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


Р.Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа үг хэлэхдээ, өөрийнх “хамгийн том хүсэл” бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг Истанбул эсвэл Анкарад уулзуулах явдал гэжээ. Орос, Украины төлөөлөгчид Истанбулд хоёр дахь шатны хэлэлцээ хийсний дараа Р.Эрдоган “Би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг авчрахыг хүсэж байна” хэмээн хэлсэн байна. 


Үнэхээр гайхалтай уулзалт боллоо. Өмнө нь олзлогдсон цэргүүдийг солилцож байсан боловч энэ уулзалтын үр дүнд мянга гаруй хүнийг солилцохоор боллоо. Мөн олзлогсдыг солилцохоос гадна Орос, Украины цэргүүдийн цогцсыг солилцохоор тохиролцлоо. Ийм тохиролцоонд хүрсэнд бид үнэхээр баяртай байна гэж Р.Эрдоган хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, удирдагчид Туркт хүрэлцэн ирвэл миний бие мөн уулзалтад оролцоно, ингэснээр Истанбул хотыг энх тайвны төв болгох боломжтой гэлээ.

Связанные новости