Д.Трамп “Нью-Йорк Таймс”-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-16 16:09:28

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 16 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр “Нью-Йорк Таймс сонины эсрэг 15 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасныг даваа гаргийн орой нийтэлсэн шүүхийн баримт бичгүүд харууллаа. 


Уг нэхэмжлэлд Нью-Йорк Таймс сонинд Ерөнхийлөгч Трампын нэр хүндэд олон арван жилийн туршид санаатайгаар болон хорлонтойгоор халдсан гэдгийг дурдсан байна. Мөн Д.Трампын өмгөөлөгчид дөрвөн сэтгүүлчээс гадна сониныг онцлоод, эдгээр сэтгүүлч үнэнийг үл тоомсорлож цуврал нийтлэл, ном бичсэн гэж мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт тус сонинд санхүүч, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч Жеффри Эпштейний төрсөн өдрийн ном дахь Трампын гарын үсэг бүхий тэмдэглэлийг нийтэлсэн нь Ерөнхийлөгчийн дургүйцлийг дахин төрүүлсэн байна. Энэхүү тэмдэглэлийн агуулгаас үүдэн Ж.Эпштейний гэмт хэргийн шинжтэй зан үйлийн талаар Трамп мэддэг байсан гэх дуулиан дахин дэгджээ.


“Таймс”-ын эсрэг нэхэмжлэл нь Америкийн мэдээллийн хэрэгслүүдийг онилсон Д.Трампын олон нэхэмжлэлийн хамгийн сүүлчийнх нь болж байна. Долоодугаар сард тэрбээр өөрийг нь Ж.Эпштейнтэй холбосон нийтлэлээс үүдэн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр  “Уолл-Стрит Жорнал” сэтгүүлийн эсрэг  10 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасан юм. Мөн энэ энэ нь уг сэтгүүлийг эзэмшдэг, консерватив үзэлт хэвлэлийн магнат Руперт Мердокийн эсрэг нэхэмжлэл байжээ.

 


Связанные новости