ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтад 700-800 хүн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-09 19:05:07

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймагт хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл юм.

Уг
төслийн бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Пауэр Чайна-Монгол Улс Эрдэнэбүрэн усан цахилгаан станц төслийн ерөнхий менежер Xu Shenfei болон албаны бусад төлөөлөл Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцжээ.

Станцын бүтээн байгуулалтад орон нутгаас ажилтан авах, хүнсний хангамж бараа материалыг орон нутгаас худалдан авч аж ахуйн нэгжийг дэмжих, орон нутгийн компаниудаар тээвэрлэлт хийлгэх зэрэг санал уламжиллаа.

Төслийн ерөнхий менежерийн танилцуулснаар “Бүтээн байгуулалтын ажлын үеэр талбайд 700-800 хүн ажиллана гэж тооцож байна. Тиймээс хүнсний хангамжийг орон нутгаас авна. Мөн ажилтны дийлэнхийг орон нутгаас авахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ сурган, дадлагажуулна. Хамгийн гол нь тогтвор суурьшилтай ажиллах нь чухал. Шаардлагатай ачаа, техник тоног төхөөрөмж тээвэрлэх хэрэгцээ өндөр байгаа тул шаардлага хангасан компанитай хамтран ажиллахад бэлэн гэв.


Цаашид талуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаа, зарим тулгамдсан асуудлыг тухай бүрд нь ярилцаж шийдвэрлэхээр болсон тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

 

Связанные новости