Улсын цолыг допингийн шинжилгээний дараа олгодог байх хуулийн төслийг өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-27 13:06:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын их хурлын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын дарга дарга Н.Учралд өргөн барилаа.


Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаад улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг онцолсон байна.


Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэйг хэлээд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.





Связанные новости