Роберт Пэйнтер: Т-Батаар нутагтаа ирээд илүү аз жаргалтай инээмсэглэж байгааг харах сайхан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хуульч Роберт Пэйнтер Монголд дахин ирж “Байгалийн түүхийн музей”-д байрладаг Т- Батаар үлэг гүрвэлийн олдворыг өчигдөр үзэж сонирхлоо.
Хууль бусаар хилээр гаргасан 70 сая гаруй жилийн настай Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголд авчрахад хуульч Роберт Пэйнтер чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг билээ.
Энэ талаар Роберт Пэйнтер дурсан ярихдаа, “10 жилийн өмнө Т-Батаар
үлэг гүрвэлийн олдворын дуудлага худалдаа Нью-Йоркт болж байхад шүүгчидтэй утсаар
холбогдож зогсоож байлаа. Монголын талаас
ноён П.Цагаан тэргүүтэй ажлын хэсэг болон Америкийн Засгийн газрын тусламжтай Т-Батаар
үлэг гүрвэлийг эх нутагт нь буцааж авчирсан. Монгол нутагтаа ирээд илүү аз
жаргалтай инээмсэглэж байгааг харах сайхан байна. Энэ үйл явдлаас хойш хууль бус явах нь багассан байна” гэв.
Харин тухайн үед Т-Батаарыг Монголд авчрах ажлын хэсгийг
ахалж байсан П.Цагаан “Өнөөдөр Т-Батаарыг Монголд авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн
хуульч Роберт Пэйнтер ирээд хамт динозаврын музейг үзэж байгаад баяртай байна.
Саяхан л юм шиг санагдаж байна. Тухайн үедээ “Монголын соёлын өвийг буцаа” гэж
жагсаал цуглаан хийж, бидэнд Монголынх гэдгийг батлах 10 хоногийн хугацаа
өгсөн. Тэгэхэд дөрвөн судлаач Т-Батаарт дүн шижилгээ хийж нотолсон юм. Үүнд
хуульч, эрдэмтэд, хэвлэл, мэдээллийнхэн онцгой үүрэг гүйцэтгэсэн. Т-Батаарыг
авчирснаас хойш 230 эд өлгийн зүйл буцаж ирсэн” хэмээн ярилаа.
Ташрамд дурдахад, Т-Батаарын үйл явдлыг АНУ-ын хуулийн сургуулиудад жишээ болгож ярьж, судалж байна. Хууль бусаар хил давуулсан 70 сая гаруй жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг 2013 оны тавдугаар сарын 17-нд АНУ-аас Монголд авчирсан билээ. Дэлхийд Америк болон бусад орноос олдсон үлэг гүрвэлийн ясыг "Тринозавор" гэдэг бол Монголоос олдсоныг "Тарбазавор Батаар" гэдэг аж.