БАЯН-ӨЛГИЙ: Монгол улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-12 17:05:32

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулжээ.


Энэхүү мөнгөн гэрэгэ нь Монголын эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба бичгийг утгачилбал “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна хэмээн судлаачид үзэж байна.

 

Мөн гэрэгэний нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дүгээр” гэх утгатай байгаа аж.

 

Байгалаас олж авсан үнэт олдвороо хувьдаа ашиг хонжоо болгох сэдэл гаргалгүй эх оронч үзлээр хандаж төрийн өмчлөлд шилжүүлэн өгч, соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/232 дугаар тушаалаар урамшуулал олгож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагнажээ.


Ташрамд, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д нийт 3 ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа ажээ.


Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг "Чингис хаан" үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас уриаллаа.

Связанные новости