ЗАВХАН: Загас үржүүлгийн ажил үр дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-17 16:34:15

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Идэр голын хиймэл нуурт үржүүлж буй жарамхайнууд өсөж торнисоор байна.

Өнгөрсөн жил Идэр голын Сав газрын захиргаа, "Чулуут тул" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран Тосонцэнгэл УЦС-ын санхүүжилтээр загас үржүүлэх ажлыг хийсэн.


Энэ ажлын хүрээнд цэнгэг усны индикатор болох зэвэг, хадран загасны 50000 жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлж буй юм. Өдгөө жарамгайнууд усандаа дасан зохицож үржлийн үетэйгээ золгосон байна.


Өнгөрсөн жилийн үржүүлгийн дүнд Идэр голын усны цэвэр ариун байдлыг хадгалах, хамгаалах төдийгүй цаашид агнуурын нөөц бий болгох боломж нэмэгдсэн байна.


Идэр голын Тосонцэнгэл сумын нутгаар дайрах Дархан уул Савын толгойн хавцлыг хааж 8012 м.кв талбай бүхий хиймэл нуурыг үүсгэж, 375 кВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг анх 2005 онд байгуулсан.


Энэ станцыг байгуулснаас хойш загасны нүүдэл хязгаарлагдаж, тоо толгой нь цөөрсөн байна. Мөн нуурын ус лаг шавар болсон төдийгүй станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөл бүрэн хангагдаагүй байдалтай байсан ажээ.


Харин өнгөрсөн жил загас үржүүлж эхэлснээс хойш загасны амьдрах орчныг таатай байлгах зорилготой мэргэжлийн байгууллагууд хамтарсан үйл ажиллагааг хийсэн. Загас үржүүлгийн ажил ч үр дүнтэй байна гэж Идэр голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Гүррагчаа мэдээлэв. 


Ташрамд, Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлдэг. Нийт 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамаардаг 7 дугаар эрэмбийн томоохон гол юм. 


Идэр гол, Тосонцэнгэл УЦС 

Связанные новости