Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа. Уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмын дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээний үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирлоо.
“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан Шадар сайд Жамшид Ходжаев нар гарын үсэг зурав. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр хамтран ажиллана.
“МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурав. Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар зөвлөлдөх уулзалт тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурав. Эрх бүхий байгууллагууд тодорхой нэр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг арга хэмжээ зохион байгуулна.
“МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА “УЗАРХИВ” АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурав. Баримт бичгийг хамтран судлах, цахим архивын шийдэл нэвтрүүлэх, сэргээн засварлалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр туршлага хуваалцах, хамтарсан үзэсгэлэн ба эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулна.
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай олон чиглэлд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын харилцан солилцоог дэмжих, сургалт, судалгаа зохион байгуулах, боловсролын тогтолцоо, хөтөлбөр, сургалтын нөөц, сурах бичиг, программ хангамжийн талаар мэдээлэл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.
“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН УУЛ УУРХАЙ, ГЕОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Исламов нар гарын үсэг зурав. Уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлнэ.
“МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ХОРИО ЦЭЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов нар гарын үсэг зурав. Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортолж, экспортлох таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана. Ургамлын эрүүл ахуйн шаардлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ургамлын цахим гэрчилгээний (e-Phyto) систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ. Хоёр улсын нутаг дэвсгэрээр бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, импорт, экспортын үйл ажиллагааг хөнгөвчиллөө.
“МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов нар гарын үсэг зурав. Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсад Узбекистаны тэргүүн туршлагыг ашиглан ургамлын сортуудыг сонгож, 5000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана.
“ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурав. Мэргэжилтэн бэлтгэх болон эрүүл мэндийн судалгааны чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн цахим мэдээллийн системийн талаар харилцан туршлага солилцоно. Нийгмийн эрүүл мэндийн даатгал, орчин үеийн технологид суурилсан оношилгоо зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл солилцоно.
“БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурав. Цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах, байгаль хамгааллын боловсрол зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурав. Биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спортын зүтгэлтэнүүдийг харилцан оролцуулна.
“МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын сайд Озодбек Назарбеков нар гарын үсэг зурав. Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, шилдэг туршлагаа солилцох, эко аялал жуулчлал болон байгаль хамгааллын мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бага хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах, эко аялал жуулчлалын газруудыг харилцан сурталчлах, мэдээлэл, статистикийн өгөгдөл солилцох зэргээр хамтарна.
“МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2028 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа. Хоёр орны ард түмний соёлын онцлог, урлагийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, уламжлалт дуу хөгжим, бүжиг, зан үйл, ардын аман зохиол зэрэг соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах, олон улсын наадам, тэмцээнд төлөөлөгчдөө оролцуулах, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.