Томуугийн өвчлөл буурахгүй бол ирэх 7 хоногоос сургалтыг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай өнөөдөр уулзав.
Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр, 12 дугаар сарын 15 гэхэд томуу,
томуу төст өвчин дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-ныхан танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах
эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан аж. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны
гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонссоны дараа эхний
ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо
хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж,
өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд амраана. Хэрэв өвчлөл буурахгүй, улам
нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл
ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн
холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын
яаманд чиглэл болгов.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр, "Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв
зохион байгуулж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй.
Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд
шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй
асуудлыг шийдвэрлэн, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя" гэлээ.
Ulaanbaatar