Эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр сэлгээний тоглогчгүй талбайд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-25 11:20:02

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Д.Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна.


Өнөөдөр талбайд 20 тоглолт болох бөгөөд тэдний дунд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн хоёр тоглолт сагсан бөмбөг сонирхогчдыг хүлээж байгаа юм. Монголын баг хэсгийн гурав дахь тоглолтоо 18:00 цагт Монтенегротой хийнэ. Сүүлийн тоглолтоо 20:15 цагт Японы шигшээгийн эсрэг хийх хуваарьтай байна. Манай багийн харамсалтай мэдээ нь Э.Дөлгөөн шилбэний булчингийн бэртлийн улмаас өнөөдөр талбайд гарах боломжгүй болжээ. Ингэснээр хэсгийн сүүлийн хоёр тоглолтдоо А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар сэлгээний тоглогчгүй талбайд гарах нь ээ. Манай баг өнөөдрийн хоёр тоглолтдоо хожвол хасагдах шатанд үлдэх боломжоо хадгалж үлдэх юм.


Тэгвэл эмэгтэйчүүд өчигдөр хэсгийн эхний хоёр тоглолтоо хийхдээ нэг хожиж, нэг хожигдлоо. Тэд эхлээд Бразилыг 16:14-өөр буулган авсан бол олимпын мөнгөн медальт Испанийн шигшээд 10:20-өөр дийлджээ. 

















Связанные новости