Өнөөдрийн байдлаар ой, хээрийн 13 түймэр асаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-26 11:28:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа ажлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.


Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 44.1 хувиар өсжээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га, нийт 639.921 га талбай шатсан байна. Түүнчлэн таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 6300 мал,  7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаан орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.


УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ярихдаа, “Нэг өдрийн дотор ой, хээрийн долоон түймэр нэмэгдлээ. Одоогийн байдлаар асаж буй 13 түймрээс  тавыг нь цурманд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж байна. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Хаза, Орос даваа зэрэг газарт гарсан таван түймрийг цурманд оруулсан. Харин Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Цагааннуур, Алтанбулаг сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум буюу дөрвөн аймгийн найман суманд гарсан түймрийг унтрахаар ажиллаж байна. Дөнгөж сая Дорнод аймгийн Баян суманд гал түймэр гарсан гэх дуудлага ирлээ. Улсын хэмжээнд онцгой байдлын 420 алба хаагч, 25 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, 243 иргэн 53 автомашинтай нийтдээ 663 хүн, 78  автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна” гэв.


Дээрх бүртгэгдсэн түймрийн 15.1 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар илрүүлжээ. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах анги, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөгөвь, Дундговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа аж. 










Связанные новости