АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан, одоо удахгүй Энэтхэгтэй хэлэлцээр байгуулна хэмээн найдаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
“Бид дөнгөж сая Хятадын талтай гэрээнд гарын үсэг зурлаа. Биднийг гайхалтай хэлэлцээрүүд хүлээж байна. Энэтхэгтэй маш том хэлэлцээр байгуулах төлөвтэй байгаа. Бид Энэтхэгийг Америкийн бизнес эрхлэгчдэд зориулан нээнэ. Харин Хятадын талтай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд бид Хятадын зах зээлийг АНУ-ын үйлдвэрлэгчдэд нээж эхэлж байна" гэж тэрбээр Цагаан ордонд төсөв, татварын бодлогыг танилцуулах үеэр мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
"Бид бүх улс оронтой хэлэлцээр байгуулахгүй. Зарим улсад бид зүгээр л захидал илгээж, тэд 25 хувь, 35 хувь, 45 хувийн татвар төлнө гэдгийг мэдэгдэнэ” гэж Америкийн засаг захиргааны тэргүүн онцлон хэлжээ. Тэрбээр АНУ-ын импортын татварын хувь хэмжээний тухай ярьсан бололтой.
Д.Трамп 185 улс орон, нутаг дэвсгэрийн бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэн юм. Суурь 10 хувийн тариф дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн бол улс бүрд тус тусад нь ногдуулсан тарифууд 4 дүгээр сарын 9-нөөс үйлчилж эхэлжээ. Мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч зарим орны татварын хариуд оногдуулсан тарифын үйлчлэлийг 90 хоногоор түр зогсоож буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ нь худалдааны зөвлөлдөх уулзалтууд хийж байгаатай холбоотой гэж Цагаан ордон тайлбарласан юм. Энэ хугацаанд суурь 10 хувийн тариф хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.