Оросын хөрөнгийг битүүмжлэх хугацааг хязгааргүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-13 12:57:39

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /RIA Novosti/. Европын Холбооны орнуудад царцаасан Оросын хөрөнгийг тодорхойгүй хугацаагаар битүүмжлэхээр шийдвэрлэсэн тухай тус холбооны дипломатын албаны тэргүүн Кая Каллас X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээнд мэдээлэв.


"Европын Холбоо Оросын хөрөнгийг хязгааргүй хугацаагаар битүүмжлэх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Ингэснээр хэрэв Оросын тал Украинд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөхгүй тохиолдолд Оросын 210 тэрбум еврогийн хөрөнгө Европын Холбооны нутаг дэвсгэрт үлдэнэ" гэж тэрбээр баасан гарагт мэдэгджээ. 


Европын Комисс Оросын хөрөнгийг Киевт зориулан ашиглахын тулд Европын Холбооны улс орнуудын зөвшөөрлийг авахыг оролдож байна. Тодруулбал, 185-аас 210 тэрбум еврог зээл хэлбэрээр олгож, Украины тал үүнийг дайн дууссаны дараа болон "Москвагийн зүгээс Украинд учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан тохиолдолд" буцаан төлөх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Харин Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, Украинд нөхөн төлбөр олгох талаарх Европын Холбооны саналуудыг бодит байдалтай нийцэхгүй, тус холбоо аль эртнээс Оросын хөрөнгийг дээрэмдэж байгаа гэжээ.


Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Европын Холбоо болон G7-гийн орнууд Оросын алт, валютын нөөцийн бараг тал хувийг буюу ойролцоогоор 300 тэрбум еврог царцаасан байна. Үүнээс 200 тэрбум евро Европын Холбоонд байгаа бөгөөд үүнээс 180 тэрбум евро нь дэлхийн хамгийн том төлбөр тооцооны системүүдийн нэг болох Euroclear компанийн дансанд царцаагджээ. Европын Комисс 2025 оны 1-11 дүгээр сарын хугацаанд Оросын царцаасан хөрөнгөөс Украины талд 18.1 тэрбум евро шилжүүлсэн гэж мэдээлсэн байна.

Связанные новости