Говийн бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-27 16:45:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нар Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын удирдлага, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар говийн бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх буюу хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн судалгааны дүн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажилласан хамтарсан багийн тайлан, 2025-2029 онд талууд хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэв.


Тайландын мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн 10 жилийн цаг уурын өгөгдөлд тулгуурлан хийсэн урьдчилсан судалгааны үр дүн, орон нутгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд ашиглаж буй арга зүй, техник, тоног төхөөрөмжид хийсэн нарийвчилсан үнэлгээний дагуу одоо хэрэглэж буй пуужин, газрын генератор зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх, үүлэнд нөлөөлөх давтамжийг нэмэгдүүлэх, бага оврын онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан үүлний дотор урвалж бодис, давс цацах аргыг нэвтрүүлэх, орон нутгийн түвшинд хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлага зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг ажлыг ирэх таван жилийн хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх аж.


Өнөөдрийн байдлаар манай улс газрын суурин генераторгүй. Тайландын талаас хамтын ажиллагааны хүрээнд газрын суурин генераторын технологийг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэхээ илэрхийлжээ.


Тайландын Хаант Улсын бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар 30 нисэх онгоцтой бөгөөд жилд 6000 гаруй нислэг үйлдэж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг явуулдаг байна.

 

Связанные новости