БАЯН-ӨЛГИЙ: Өлгий сумын наадмын цол олгох бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-10 09:37:08

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 104 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аймгийн төв Өлгий сумын баяр наадам ёслол төгөлдөр болж, үндэсний бөхийн сумын цол олгох барилдаан зохион байгууллаа.


Аймгийн төв Өлгий сум өнгөрсөн жилүүдэд тусдаа наадмаа хийдэггүй, аймгийн наадам л зохион байгуулдаг байсан бол энэ жил наадмаа зохион байгуулж, үндэсний бөхөө барилдуулж амжилттай барилдсан бөхчүүдэд сумын цол олголоо.

 

Барилдааны нээлтэд Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек, Засаг даргын орлогч Х.Нурболат нар оролцон үг хэлж, бөхчүүддээ амжилт хүслээ.

 

Энэ жилийн наадмын барилдаанд улс, аймгийн цолтон оролцуулаагүй, зөвхөн сумын цолтой болон залуу 64 бөх уран мэхээ уралдуулж, үзэгч олны талархлыг хүлээсэн сайхан барилдаан боллоо.

 

Бөхийн барилдааны түрүү бөхөөр Баяннуур сумын харьяат Сумын начин Базарханы Еламан шалгарч сумын заан цол хүртсэн бол, үзүүрт мөн Баяннуур сумын харьяат Сумын заан Хурметийн Гасырбек шалгарч сумын заан цолдоо чимэг нэмлээ.

 

Их шөвөгт, Баяннуур сумын харьяат Сумын заан Х.Еркебек, Улаанхус сумын харьяат Сумын заан М.Серикбол нар шалгарлаа.

Связанные новости