Баяр, амралтын өдрүүдэд усанд осолдсон 16 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-18 12:15:33

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОБЕГ-т баяр, амралтын өдрүүдэд гол, ус, ой, хээрийн түймэр, малын гоц халдварт өвчний гэхчлэн 106 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.


Төв орон нутгийн онцгой байдлын албанд эрэн хайх аврах ажиллагааны 21, обьектын болон ой хээрийн түймрийн  56,  гол, шаварт суусан ес, цаг агаарын аюулт үзэгдлийн гурав, мал амьтны гоц халдварт өвчний нэг тохиолдол бүртгэгджээ. Эдгээр ослын шалтгаанаар 20 хүн амиа алдсаны зургаа нь хүүхэд байна. 


ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн ярихдаа, "Он гарсаар нийслэлийн гурван дүүрэг, 12 аймгийн 22 суманд усны ослын 30 тохиолдолд бүртгэгдсэн.  Харин баяр, амралтын өдрүүдэд энэ төрлийн ослын 16 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн амиа алдсан. Мөн Баянхонгор аймагт гэнэтийн уруйн үер бууж бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Усны ослын дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь орхих, зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгслийг ашигласнаас шалтгаалан гарч байна. Эдгээр өдрүүдэд онцгой байдлын байгууллагын 1720, цагдаагийн байгууллагын 664, бусад байгууллагын нийт 2912 хүн, 656 техник хэрэгсэлтэйгээр иргэд ихээр амарч зугаалдаг 14 аймгийн 24 гол, нуурт усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажилагааг зохион байгуулсан" хэмээв. 

 

Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р хороо буюу Гачууртын Шар хоолой, Шивэртийн аманд мал амьтны гоц халдварт өвчин гарсныг хорио цээрийн дэглэм тогтоож, 121 өрхийн 3666 мал амьтныг дархлаажуулжээ.  Халварт өвчнөөс сэргийлэхийн тулд нийслэлийн хэмжээнд 342 мянга орчим толгой малыг вакцинжуулахаар ажиллаж буйг ОБЕГ-аас мэдээллээ.

 

Связанные новости