Завьт болон хөдөлгөөнт эргүүл 19 аймагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагчидтай өчигдөр уулзаж, гол усны нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан амарч зугаалж явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байх, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой амарч зугаалан, завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллахыг иргэддээ уриаллаа.
Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, долоон нуурын дагуу завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, сайн дурын бүлгийн 2000 гаруй алба хаагч зургаадугаар сарын 19-нөөс эхлэн иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаа аж.
Он гарсаар энэ сарын 18-ны байдлаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны ослоор 46 хүн амиа алдсаны 13 нь бага насны хүүхэд байгаа юм.
Үүнд, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нэг дүүрэг, найман аймгийн 10 суманд усны ослоор 17 хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ.