ЗАВХАН: Улаагчны хар нуурт төвлөрсөн 35 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурыг өнөөдрийн байдлаар
8 мянган хүн үзжээ.
Ялангуяа баяр наадмын амралтын оргил ачааллын үед Улаагчны Хар нуурыг зорих дотоодын аялагчдын тоо өнгөрсөн жилээс 2.5 дахин нэмэгдсэн байна.
2024 оны долоодугаар сард Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газрын Хар нуур хэсгийн постоор дамжин өнгөрсөн дотоод, гадаадын аялагчдын тоо 2000 гаруй байсан. Постоор дамжихгүйгээр зорьж байгаа аялагчдын цуваа ч тасрахгүй байв. Энэ жилийн тухайд аялагч амрагчид заавал постоор дамжин өнгөрч бүртгүүлж, аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тус газарт 35 тонн хог хаягдал төвлөрчээ.
Отгонтэнгэрийн Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур хэсгийн байгаль хамгаалагчид болон хамгаалалтын захиргааны жолооч, жижүүр нар хамтран Хар нуур хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж, 60 гаруй км-ийн цаана Яруу сумын төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж байна. Ингэхдээ хуванцар сав, шилийг ангилж хогийн цэгт хүргэж байна.
Бусад хогийг нь шатаах зууханд шатааж байгаа юм. Өдөрт нэг тонн хогийг шатаах хүчин чадалтай зуухыг "Улаагчны Хишиг ресорт" нийгмийн хариуцлагын хүрээнд Хар нуурын байгалийн цогцолборт газарт байршуулж ашиглалтад оруулсан.
Энэ шатаах зууханд шил, хуванцар савнаас бусад хогийг шатаах боломжтой төдийгүй хар нуурын эрэг орчмын хог хаягдлыг багасгах, хоггүй орчныг бий болгох, жуулчны баазуудын шатаах боломжтой хог хаягдлыг устгах. Цогцолборт газрын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эзэнгүй хог хаягдлыг багасгах, отоглох цэгийн хог хаягдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой болсон байна.
Гадаад, дотоодын жуулчид, аялагчдын хамгийн их зорьдог газар бол Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур, Мухартын гол юм. Энэ жил гэхэд нийт аялагчийн 70 гаруй хувь нь Улаагчны хар нуурыг зорин үзжээ.
Дотоодын жуулчдын
хамгийн тулгамдсан асуудал нь тухайн үзэсгэлэнт газар нутаг, байгалийн цогцолборт газарт эко жорлон байхгүй,
хогийн нэгдсэн цэг байхгүй, аяллын зам маршрутын тэмдэг тэмдэглэгээ бага байдаг байсан.
Тиймээс сүүлийн 2
жилд орон нутгаас жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт эко ариун
цэврийн байгууламж шинээр
байгуулж тэмдэг тэмдэглэгээг сайжруулсан байна.
Ингэснээр
аялагчдыг тухтай амарч, зугаалах боломжоор хангаад зогсохгүй, тухайн газрын
хөрсийг хамгаалах, хог хаягдлыг багасгаж чадсан. Мөн энэ жилийн онцлох үйл ажиллагаа нь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба
хаагчидтай манай байгаль хамгаалагч нар хамтран ажилласан. Отгонтэнгэрийн Улсын Тусгай
Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргаанаас моторт завиар хангаж завьт болон
хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулсан юм. Эдгээр хамтарсан баг Завхан аймгийн Улаагчны
хар нуурын байгалийн цогцолборт газрын Баян нуур, Улаагчны хар нуурын орчимд амарч
зугаалж буй аялагчдад цогцолборт газарт аялах журмыг танилцуулж, санамж, зөвлөгөө
мэдээллийг тогтмол өгсөн байна. Ингэснээр аялагч амрагчдыг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, цогцолборт газрын хөрс, усыг хамгаалах, эзэнгүй хог хаягдлыг багасгахад үр дүнтэй ажил болсон гэж Отгонтэнгэрийн улсын тусгай
хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Улаагчны хар нуурын орчмын хогийн цэг
Аялагч амрагчдад Улаагчны хар нуурын цогцолборт газрын байгаль хамгаалагч нар
Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран заавар зөмлөжийг өгч байна