ХОВД: Аймгийн аюулгүйн нөөцөд 100 мянган боодол өвс бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-31 14:01:04

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 30-нд хуралдаж, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс, тэжээл нөөцлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Тус аймгийн ихэнх нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн ургамлын гарц муу байгаа. Иймээс аймаг, сумын хэмжээнд өвс, тэжээл бэлтгэхэд онцгой анхаарч байна. 

Энэ жил аймгийн аюулгүйн нөөцөд 100 мянган боодол өвс бэлтгэхээр урьдчилан тооцооллоо. Хадлангийн гол бүс нутаг болох Буянт, Мянгад сумын иргэдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана. Ингэхдээ нийлүүлэх өвсний тоо, хэмжээгээ тохирч үнийн дүнгийн 50 хувийг хадланчдад урьдчилан олгохоор шийдвэрлэжээ.

Мөн аймгийн Засаг дарга М.Амарсанаа хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын багийн гишүүдэд хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тодруулбал, ойрын хугацаанд гэрээ байгуулж, стандартын шаардлага хангасан өвс /нэг боодол өвсийг тээврийн зардалтай нь 12 мянган төгрөгөөр тооцож/ хүлээн авах, цаашлаад өвс олгох малчдын нарийвчилсан судалгаа хийх, ОХУ-аас чанарын шаардлага хангасан тэжээл оруулж ирэх аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах гэх мэт ажлыг оновчтой хэрэгжүүлэхийг зөвлөсөн тухай ЗДТГ-ын цахим хуудсаар танилцууллаа.   



 

 

Связанные новости