ӨВӨРХАНГАЙ: Унага тамгалах ёсон /сурвалжилга/

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-16 12:55:12

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нүүдэлчин Монголчуудын адуутай холбоотой томоохон өв соёл бол унага тамгалах ёс юм. Малын тарга тэвээрэг гүйцсэн намрын сард бар өдрийг сонгож, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсныг батлан унагаа тамгалдаг уламжлалтай.

Энэ үеэр намрын отгон баяр болгон найр хийж, хуран цугласан айл хотлынхон, зочид гийчид хуруудах, аравдах, дэмбээдэх зэргээр уламжлалт тоглоом наадгай, ерөөл магтаал, дуу хуурыг өрнүүлнэ.



Эл ёс жаягаар малчин Ш.Мөнхбатынх харагчин хонь сарын хөх бар өдөр унагаа тамгаллаа. Тэднийх Хужирт сумын Өвөрмодотын багт зусаж байна. Хангай газар эрт намаршиж, өвсний сөл түргэн тасардаг тул говь нутгийнхнаас арай түрүүнд унагаа тамгална.

Тэрбээр өглөө эртлэн адуугаа хурааж, гүүгээ бариад адуу тамгалах бэлтгэл ажлаа хангаж, түүний гэргий Д.Мягмарчулуун идээ цагаа хоол ундаа бэлтгэн ирсэн зочдоо цайлж, энэ хооронд хоёр талын настай ааваасаа зөвлөгөө авч, адуу малын тухай ярилцан бага үдийг үдэв.



Их үдийн үед удам дамжин ирсэн ширээтэй чандмань тамгаа хадагнаас гаргаж, арц утлага уугиулан аргалын галд улайсгаж, унаганы гуянд дарах байдлаар өөрийн болоод хөршийнхөө дөрвөн зэл унагыг тамгаллаа.


Ингэхдээ уламжлалт аргын дагуу унаганы арьс, махыг шархлуулахгүй, мөн баларч арилахгүйгээр тунг тааруулан дарж, “Тамга тод уу?” гэж асуун ёслолд оролцогчид “Тодоо” хэмээн хариулж, бэлгэ дэмбэрэлтэй үгсийг хэлэлцэв.


Адууг зөв талын гуя, ташаанд тамгалах ба ихээхэн онцгой тохиолдолд буруу талд нь тамгалдаг. Мөн тамганы бариулд хадаг уяж, толгойг дээш харуулан тэгш зөв тамгална. Тамганы дээгүүр алхаж гарах, тамгаар газар зурахыг цээрлэж, унагаа тамгалж дууссаны дараа сөнтэй айрганд дүрэн хөргөөд хадганд ороон дээш тавина. Мөн тамга дүрсэн айрагнаас хүн бүр хүртэж, бэлгэшээдэг заншилтай.



Тамга нь наран, саран, хас, чандмань гэхчлэн олон төрөл байх агаад ихэвчлэн эцэг өвгөдөөс өөрийн бодол, оюун санаагаар зохиомжлон хийлгэж, үр удамдаа өвлүүлсэн байдаг.

Ийнхүү унага тамгалах найрыг “Тамгалсан адуу минь тал бүрхэж, Тэмдэглэсэн адуу минь тэнгэрийн од шиг үржээрэй” хэмээх ерөөлөөр эхлүүлж, ая дуу өргөн айргаа ууцгаана. Тэрчлэн хүүхдүүд барилдаж, эмнэг сургаж, унага зүслэн уралдуулна.



Мөнхбатын аав Шарав Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, “Аймгийн алдарт уяач” хүн. Нутгийн зон олон түүнд “Адуучин” хэмээх алдар цолыг хайрласан бөгөөд бага наснаас адуу маллаж, улмаар жавар сөрсөн цагийн хатууд нэгдлийн их адууг тууж явахдаа хоёр ахын хамт “Гурван баатар” гэх нэрийг ч нутгийнхнаасаа хүртжээ.


Ш.Мөнхбат айлын бага. Ах нар нь ч бүгд адуу маллаж, аймаг, сумынхаа аварга цолонд хүрсэн. “Зургаан настайгаасаа хурдан морь унаж, амьдралынхаа ихэнх хугацааг морин дэл дээр өнгөрүүлж буй болохоор адуунд маш их хайртай, адуунаасаа салж холдож чадахгүй. Монгол адуу бол хийморийн амьтан” гэж байлаа.


Удам залгасан адуучин айлыг илтгэж, хөхүүрэнд айргаа исгэн “сайхан айрагтай” гэх урмын үгийг хол, ойрын зочдоос сонсоно. Гэргий Д.Мягмарчулуун сургууль соёл төгсөж, багш мэргэжлээр ажиллаж байсан ч 2007 онд ханьтайгаа гэр бүл зохиосноос хойш мал даган үр хүүхдээ өсгөж, хөдөөгийн олон залуу гэр бүлийн төлөөлөл болсоор сайхан амьдарч явна.

Унагаа тамгалах томоохон ажлын ард гарсан ч тэднийг сааль сүүгээ авах, өвс хадлангаа бэлтгэх, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх гээд дундаршгүй их ажил хүлээж байна.









 

Связанные новости