М.Карлсен киберспортын дэлхийн цомд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын
2 /РИА Новости/. Киберспортын дэлхийн цомын тэмцээний /Esports World Cup
2025/ хүрээнд болсон шатрын тэмцээний финалд дэлхийн 16 дахь аварга, Норвегийн
шатарчин Магнус Карлсен Францын шатарчин Алиреза Фиружаг хожлоо. Тэмцээн долоодугаар
сарын 29-нээс наймдугаар сарын 1-нд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болжээ.
Рапид буюу түргэвчилсэн тоглолтод Team Liquid багийг төлөөлөн оролцсон Карлсен Team Falcons багийн Фиружаг 3:1, 3:1 гэсэн харьцаагаар давамгайллаа. Эхний цувралын /сет/ эхний өрөгт Карлсен хожсон бол Фиружа шаргуу тэмцэлдсээр хоёр удаа хайнцаж, дөрөв дэх өрөгт Норвегийн шатарчин хожил авчээ. Харин хоёр дахь сетийн эхний өрөгт Карлсен хожигдсон боловч дараалан гурав хожсоноор тэмцээний түрүүг авлаа. Норвегийн шатарчин 250 мянган доллар, хоёрдугаар байр эзэлсэн А.Фиружа 190 мянган долларын шагнал тус тус хүртжээ.
Aurora Gaming клубийг төлөөлөн
оролцсон Оросын шатарчин Ян Непомнящий 5-8 дугаар байр эзэлснээр 85 мянган
доллар, Virtus.pro клубийг төлөөлсөн мөн Оросын шатарчин Андрей Есипенко 9-12 дугаар байр эзэлснээр 65 мянган
доллароор тус тус шагнуулжээ.
Тэмцээнд нийт 16 шатарчин оролцсон бөгөөд шагналын сан нь 1,5 сая доллар юм.
Киберспортын дэлхийн цомын
тэмцээн 2024 онд анх удаа 19 төрлөөр явагдсан бөгөөд шагналын сан нь 60 сая доллар
байв.