Бизнесээ эхлэхэд нь зориулж малчдыг 4 сая гаруй төгрөгөөр дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-10 07:58:50

Дундговь аймгийн малчид мал аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар зах зээлээс нэмэлт орлого олох эх үүсвэртэй болох гэж байна. Тодруулбал, Луус сумын малчид арьс шир элдэж боловсруулах бол Дэлгэрцогт сумын малчид сүү, цагаан идээ, Сайнцагаан сумын малчид малын дайвар бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ боломжийгМонголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд олгож байгаа ажээ.

Дээрхи сум тус бүрт 10 малчин бүлэг үүсгэсэн байна. Эдгээр суманд ямар бизнес хийвэл малчид нэмэлт орлогын эх үүсвэртэй болж чадах вэ гэдгийг зах зээлийн түргэвчилсэн судалгаагаар гаргаж ирсэн бөгөөд Дундговь аймгийн хувьд 7 төрлийн үйлдвэрлэлийн санаа гаргаж ирснээс малчид ийнхүү сонгосон байна.

Үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр нь бүлгийн малчдыг сургалтад хамруулсан бөгөөд одоо бүлэг тус бүрт 4.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж болон бизнесээ эхлэх гарааны санхүүжилтыг тус төслөөс олгоход бэлэн болжээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гамшгийн үеийн яаралтай тусламжийн  эхний шатанд Монгол орны 5400 гаруй малчин хамрагдаж, хүнсний багц, бэлэн мөнгөний тусламж хүлээн авч байсан бол одоо мал аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар зах зээлээс нэмэлт орлого олох эх үүсвэртэй болохоор Дундговь, Өвөрхангай, Булган аймгийн нийт 100 малчин өрх төслийн дараагийн шатанд ийнхүү хамрагдаж байгаа ажээ.

Т. Отгонтуяа           

 

 

Связанные новости