Швед, Норвег, Дани улсууд НАТО-д 500 сая ам.доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-06 11:15:22

СТОКХОЛМ, 2025 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Улс орноо үргэлжлүүлэн хамгаалахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд Украиныг АНУ-ын зэвсэг, тэр дундаа Патриот пуужингаар хангах НАТО-гийн тэргүүлсэн санаачилгад 500 сая орчим ам.доллар хандивлана гэж Швед, Норвег, Дани улсууд мягмар гарагт мэдэгджээ


АНУ-аас Украинд зэвсэг нийлүүлэх бөгөөд Европын холбоотнууд төлбөрийг нь төлнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард мэдэгдэж байсан боловч үүнийг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.


Бид Украинд шаардлагатай техник хэрэгслүүдээ түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Украиныг батлан хамгаалах чиглэлээр НАТО-гийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Украины нөхцөлөөр энх тайвныг баталгаажуулахыг хүсэж байнагэж Норвегийн Батлан хамгаалахын сайд Торе О.Сандвик мэдэгджээ. 


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Европ даяар урт хугацаанд аюулгүй байдлыг хангах шинэ үндэс суурийг тавьж байна гэв. Энэ нь НАТО-гийн бусад орнуудын хувьд Америк, Европын аюулгүй байдлын хэлхээ холбоог бэхжүүлж, Оросын цохилтоос хамгаалах хүчтэй үлгэр жишээ болно гэж тэрбээр X хуудсандаа бичжээ. 


Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен мэдэгдэхдээ, энэ мөнгийг нэн даруй бэлэн болгох бөгөөд Дани улс дахин санхүүжилт олгох талаар хэлэлцэхэд бэлэн байна гэжээ. Тэрбээр “хурд бол туйлын чухал гэдгийг онцолсон байна. Дани улсын хувьд 90 сая орчим ам.долларыг хандивлах бол Норвег улс 1.5 тэрбум норвеги крон /146 сая ам.доллар/ хандивлана гэж мэдэгджээ. Патриот пуужин болон бусад агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, танк эсэргүүцэх сум зэрэг багтсан багцад Швед улсын зүгээс 275 сая ам.доллар хандивлахаа мэдэгдсэн байна.


Европоос хангалттай хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа Америкийн батлан хамгаалахын ийм төрлийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн нийлүүлэх нь Украины батлан хамгаалах чадавхийн хувьд чухал ач холбогдолтойгэж Шведийн Ерөнхий сайдын орлогч Эбба Буш сэтгүүлчдэд хэлсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте хэлэхдээ, Скандинавын гурван улс багцыг санхүүжүүлэхээр шуурхай арга хэмжээ авч байгаад тус эвсэл талархаж байна гэв.

Связанные новости