ПСЖ анх удаагаа УЕФА-гийн Супер цомыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-14 14:06:36

РОМ. 2025 оны наймдугаар сарын 14 /ТАСС/. УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Францын "Пари Сен-Жермен" багийн хөлбөмбөгчид Английн “Тоттенхэм” клубыг торгуулийн цохилтоор хожлоо. Тоглолт Италийн Удине хотын "Фриули" хотын цэнгэлдэх хүрээлэнд болжээ.  


Тоглолтын үндсэн цаг 2:2 харьцаагаар дууссан бөгөөд ПСЖ-ий Ли Кан Ин /85 дахь минут/, Гонсалу Рамуш /90+4/ нар гоол оруулсан бол Английн багаас Микки ван де Вен /39/, Кристиан Ромеро /48/ нар гоолджээ. Ялагчийг тодруулахын тулд торгуулийн цуврал цохилтууд хийхэд Парисын хөлбөмбөгчид 4:3 харьцаагаар яллаа.


Ийнхүү ПСЖ баг түүхэндээ анх удаа УЕФА-гийн Супер цомын эзэн болж байна. Өнгөрсөн улиралд парисчууд анх удаа Аваргуудын лигт түрүүлсэн бол Английн баг Европын лигийн тэмцээнд аваргалсан билээ.


ПСЖ-д тоглодог Оросын хаалгач Матвей Сафонов тоглолтын туршид сэлгээний сандалд суусан бол энэ сарын 9-ний өдөр Францын “Лилль” багаас шилжин ирсэн хаалгач Люка Шевалье тоглолтод оролцлоо.


Английн “Тоттенхэм” УЕФА-гийн Супер цомын анх удаа оролцсон бол ПСЖ 1996 онд Цомтой багуудын цомын тэмцээний ялагчийн хувиар Супер цомын төлөөх хоёр тоглолтод Италийн “Ювентус”-т хожигдож байв.  Энэ удаад тус баг Данийн дасгалжуулагч Томас Франкийн удирдлага дор анх удаа албан ёсны тоглолтоо хийлээ. Английн аварга шалгаруулах тэмцээнд амжилтгүй оролцсон тус багийн удирдлага Австралийн дасгалжуулагч Ангелос Постекоглуг халсан юм.


УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтууд 1972 оноос хойш явагдаж байгаа бөгөөд “Реал Мадрид” баг уг цомыг хамгийн олон буюу 6 удаа хүртжээ. Мадридчууд өнгөрсөн онд Италийн “Аталанта”-г 2:0 харьцаагаар хожсоноор цомын эзэн болсон юм.

 

Связанные новости