Өнгөрсөн долоо хоногийн онцлох 5 үйл явдал

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-18 08:42:57

УЛААНБААТАР, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөсөн бөгөөд тэдгээрээс Америк-Оросын удирдагчид 2021 оноос хойш анх удаагаа уулзсан, Хятад, АНУ хоёр бие биендээ ногдуулсан татварынхаа үйлчлэх хугацааг харилцан 90 хоногоор хойшлуулсан, дэлхийн хамтын нийгэмлэгийн санаа бодлыг үл тоомсорлон Израилын тал Газа хотыг эзлэн авах төлөвлөгөө боловсруулсан, Палестиныг хүлээн зөвшөөрөх “давлагаа” хүчээ авсан, түүхэнд анх удаагаа Хятад улс хүн дүрст роботуудын спортын наадмыг амжилттай зохион байгуулсныг онцоллоо.  


  • Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал бол яах аргагүй Аляскт болсон АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт байлаа. 2019 оноос хойш хоорондоо огт уулзаагүй байсан Д.Трамп, В.Путин нар Украины хямралыг энхийн замаар зохицуулах арга замыг голчлон хэлэлцсэн байна. Тэдний өөрсдийнх нь тодорхойлсноор “үр дүнтэй бүтээлч бөгөөд 10 онооноос 10 оноогоор” үнэлэгдэх хэмжээнд амжилттай болсон тус уулзалтын явцад Украинд аюулгүй байдлын баталгаа олгох, газар нутгийн асуудлаар Украины зүгээс Орост буулт хийх хувилбар гэсэн гол хоёр асуудлыг хөндөн ярилцжээ. Гэхдээ хоёр ерөнхийлөгч Украины өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд одоо бүх зүйл Украины Ерөнхийлөгчөөс хамаарна гэдгийг Д.Трамп хэллээ.    


  • Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хугацааг 90 хоногоор дахин хойшлуулахаар долоо хоног эхлэнгүүт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараахан Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах хугацааг мөн адил 90 хоногоор хойшлуулахаар шийдвэрлэснээ БНХАУ-ын Худалдааны яам зарлалаа. Женев хотноо тавдугаар сарын 10-11-нд болсон Америк-Хятадын хэлэлцээний дүнд харилцан ногдуулсан татваруудаа 90 хоногийн хугацаанд бууруулах талаар тохиролцсон бөгөөд энэ хугацаа 10-ны өдөр дуусгавар болсон юм. Улмаар долоодугаар сарын 28-29-нд Стокхольмд болсон хэлэлцээний дүнд татвар ногдуулах хугацааг дахин хойшлуулахаар талууд тохиролцсон байна. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Худалдааны яамнаас Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад олгож эхэлсэн тухай мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Nvidia, AMD компаниуд хиймэл оюун ухаанд зориулан үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт чипүүдээ Хятадын зах зээлд дахин нийлүүлж эхэлж магадгүй байна. Гэхдээ нийлүүлэлтийн орлогынхоо 15 хувийг АНУ-ын төсөвт оруулахыг компаниудаас шаардаж байгаа ажээ.  
  • Хэдийгээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөл эрс зэмлэн буруушаасаар байсан боловч өнгөрсөн долоо хоногт Израилын Онц байдлын засгийн газар Газын зурвасын Газа хотыг бүрэн хяналтандаа авч, хүн амыг нь нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Гэхдээ тус хотод Израилын цэргийг нэвтрүүлэх нарийвчилсан хуваарийг гаргаагүй байгаа бөгөөд Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн төлөвлөснөөр бол 10 дугаар сарын 7 гэхэд хотыг бүхэлд нь эзлэх авах бололтой. Дээрх төлөвлөгөөг Израилын армийн Жанжин штабын дарга Э.Замир анхандаа эсэргүүцэж, ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүст эрсдэлтэй гэж үзэж байсан боловч лхагва гарагт бодлоо өөрчилжээ.


  • Ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэдгээ Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз даваа гарагт мэдэгдлээ. Ингэхдээ "шинээр байгуулагдах улсад ХАМАС бүлэглэл ямар ч үүрэг гүйцэтгэхгүй" гэсэн амлалтыг  Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасаас авсны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн онд Испани, Ирланд, Норвег улсууд Палестиныг улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бол энэ онд Их Британи, Франц, Канад улсууд мөн адил шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Палестиныг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын тоо 147-д хүрч байна.
  • Түүхэнд анх удаагаа humanoid буюу хүн дүрст роботуудын дэлхийн спортын наадам пүрэв гарагт Бээжин хотноо эхэлж, түүнд 16 улсы 280 баг оролцож байна. Нийт 500 гаруй робот 26 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд бүжиг, тулааны урлаг зэрэг ч багтаж байна. Түүнчлэн  роботууд давхралдан унах, мөргөлдөх зэргээр тэмцээнүүд дундаас хөлбөмбөгийн тэмцээн маш их хөгжөөнтэй, инээд наргианаар дүүрэн боллоо. Мөн янз бүрийн нөхцөл байдалд бараа материал зөөх, эм ангилах, цэвэрлэгээ хийх зэрэг ур чадварт суурилсан даалгавруудыг гүйцэтгэжээ. Ташрамд дурдахад, Хятад улс 2027 он гэхэд хүн дүрст роботын хөгжлийн түвшнээр дэлхийд тэргүүлэх зорилтыг тавьсан бөгөөд роботуудын наадмыг анх удаа зохион байгууллаа. 

Энэ долоо хоногт болох үйл явдлууд


  • Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр наймдугаар сарын 18-нд тохионо.
  • Хятад-Энэтхэгийн хилийн асуудлаарх хэлэлцээ наймдугаар сарын 18-нд болно. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал нар Шинэ Дели хотноо уулзана.
  • Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургууль наймдугаар сарын 18-нд эхэлнэ.
  • Норвегийн олон улсын кино наадам наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.
  • Одон орны ховор үзэгдэл тохионо. Буд, Сугар, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн зургаан гараг наймдугаар сарын 17-20-нд нэг шугамд давхацна.
  • Өмнөд Солонгос-Японы дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 23-24-нд болно. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибатай Токио хотноо уулзана.
  • Талбайн теннисний АНУ-ын Нээлттэй тэмцээн наймдугаар сарын 24-нд албан ёсоор эхэлнэ
  • Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болж буй цахим спортын ДАШТ-2025 наймдугаар сарын 24-нд өндөрлөнө.
Связанные новости