ДАРХАН-УУЛ: Хог тээврийн үйлчилгээг сайжруулах асуудлаар хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сумын нутаг дэвсгэрт хог ачилтын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Дархан сумын удирдлагууд, Хог тээврийн газар ОНӨААТҮГ-ын дарга, менежерүүдтэй уулзалт хийлээ. Дархан сумын хэмжээнд хорин найман мянга гаруй өрхтэй. Эдгээр айл, өрх өдөрт 150 орчим тонн хог хаядаг байна.
Үүнээс арван мянга гаруй нь хог тээврийн төлбөр төлдөггүй судалгаа байна. Тиймээс хог тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийх, орон сууц, гэр хорооллын айл өрхийн хогийг татан авах үйлчилгээг цаг тухайд нь тээвэрлэхэд гарч буй хүндрэлийн талаар хэлэлцлээ.
Орон сууц хорооллуудад бункер буюу хогийн сав байрлуулан төвлөрүүлдэг ч иргэд зориулалтын саванд хийх бус овор хэмжээ ихтэй хогийг гадна талд хаях, түгжээг нь эвдэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гарч ачих нөхцөлд хүндрэл учруулж удаашруулдаг гэж хог тээврийн газрынхан мэдэгдэж байна.
Уулзалтаар хамгийн хөндөгдсөн асуудлууд нь дээрх асуудлууд буюу зориулалтын саванд хог хаяхгүй, төлбөр, хураамжийг цаг тухайд нь төлдөггүйгээс үүдэн техникийн засвар үйлчилгээ хийх, хэвийн ажиллах нөхцөл алдагдах, ачих тээвэрлэлтийн хугацаа хэт удааширч буйг онцолж байлаа.
Хог тээвэрлэлтийн төлбөрөө төлдөггүй дээрх арван мянга гаруй өрхөөс шалтгаалан төлбөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд шинэ шийдэл шаардлагатайг багийн засаг дарга нар дурдаж байлаа.
Хог тээврийн газрын автомашин, техник хэвийн ажиллагаатай үед өдөрт
135 тонн хог хаягдлыг татан зайлуулдаг. Өдөр бүр 11–14 зориулалтын автомашин 18 багийн нутаг
дэвсгэрт хог тээвэрлэх
үйлчилгээнд гарч, хогийг төвлөрсөн цэгт хүргэдэг.
Хугацаа алддаг хүндрэл буюу хогийн савны гаднаас тарамдсан хогийг хамж ачих, ажлын бүтээмжийг бууруулж, төлөвлөсөн хэмжээнд хог зайлуулах боломжийг хязгаарлаж байгаа энэ байдлыг таслан зогсоохын тулд өглөө оройд орцны үүднээс тогтсон цагт ачих санал ч гарч байлаа.
Түүнчлэн зарим хариуцлагагүй айл, өрхүүд төлбөрөө төлөхгүй байгаагаас үүдэн тухайн хэсгийн хогийг тээвэрлэх байдал ч удааширдаг байна.
Энэ
удаагийн уулзалтаар гарч буй хүндрэлийг олж тогтоосон бол дараагийн уулзалтаар
шийдэл, шинэ санал, санаачилга, төлбөрийн нөхцөлийг өрх бүр ижил төлж хог
тээврийн үйлчилгээ авах ямар боломж гарц, гаргалгаа байгаа талаар санал дэвшүүлж
хэрэгжүүлэхэд анхаарахаар болов.