ӨВӨРХАНГАЙ: Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/.
Арвайхээр
сумын ЗДТГ, “Сайхан Монголын өнгө” ТББ хамтран “Ногоо тарья” төслийг хоёр дахь
жилдээ хэрэгжүүлж байна.
Швейцарийн холбооны улсын “Ла Мэнса Э Ил
Грэжжэ” ТББ-ын санхүүжилттэй уг төсөлд жил бүр 20 өрх хамрагдаж, төмс, лууван,
манжин, байцаа, сонгино тариалан дунджаар хоёр тонн ургац хураан авч байгаа юм.
Төслийг хэрэгжүүлэхэд Арвайхээр сумын ЗДТГ-аас хашаа хамгаалалттай нэг га газрыг олгож, усны эх үүсвэрээр хангаж өгсөн ба төслөөс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн үр, ургамал хамгааллын бодис, усалгааны систем, багаж төхөөрөмжөөр бүрэн хангажээ.
Төслийн орон нутаг дахь зохицуулагч Д.Батцэнгэл хэлэхдээ “Нэг өрхийг гурван жил дараалан хамруулж, ногоо тарих аргачлалд сургаж, цаашид бие даан төмс, хүнсний ногоо тариалан өрхийн хэрэгцээгээ хангах, орлогоо нэмэгдүүлэх бүрэн чадамжтай болгохыг зорьж байгаа. Энэ жил төмс, хүнсний ногооны үнэ өндөр байгаа учраас төсөлд хамрагдсан айл өрхүүд хамгийн багадаа хоёр тонн ургац хурааж, жилийн орлогынхоо 15-20 хувийг бүрдүүлж чадна гэж тооцоолж байна” гэв.