АРХАНГАЙ: Рашаан, ус ашиглагчийн үүргийг биелүүлээгүй аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн торгууль тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас Хотонт сумын Цагаан сүмийн рашаан ашиглагчдын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг наймдугаар сарын сүүлчээр хийжээ.
Учир
нь Цагаан сүмийн рашаан орчимд үйл ажиллагаа явуулж
буй аялал жуулчлалын бааз, амралтын газрууд бохир усаа рашаан
тойрч тогтсон ширх рүү уусган шингээж байгаа гэх иргэний гомдол мэдээллийн
дагуу хяналт шалгалтыг хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Рашаан
орчимд 3 жуулчны бааз, 1 амралт сувилал, 4 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг.
Шалгалтын явцад рашаан,
ус ашиглагчийн үүргийг биелүүлээгүй зөрчил илэрч, гурван
аж ахуйн нэгж, хоёр иргэнд нийт 4800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ
авч, үр дагаврыг арилгах үүрэг
өгчээ.
Дээрх газруудын үйл ажиллагаанаас гарсан байгальд нийлүүлж буй
ашигласан рашаан, цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усанд мэргэжлийн
байгууллага
шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр ахуйн
хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс хүрээлэн байгаа орчинд
нийлүүлэх хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд
хэмжээг даваагүй буюу Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий
шаардлага MNS4943:2015 стандартын шаардлагыг хангасан байжээ.
Мэргэжлийн
байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хоёр
жуулчны бааз цэвэрлэх бага оврын байгууламжийг шинэчлэн суурилуулжээ.