Автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ жилийн автомашингүй өдрийг есдүгээр сарын 13-нд зохион байгуулна.
Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордноос Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг ирэх Бямба гарагт 7:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм. Мөн зах, худалдааны төвүүд, тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй.
Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна НЭМГ-ын харьяа, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө өгнө. Эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгөх юм.
“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их
сургуулийн гудамж)
Сөүлийн гудамж,
Чоймболын гудамж,
Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
Самбуугийн гудамж,
Анкарагийн гудамж,
Бага тойруу,
Бээжингийн гудамж,
Залуучуудын гудамж,
Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн
замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
Чагдаржавын гудамж,
С.Зоригийн гудамж,
Элчингийн гудамж,
Олимпийн гудамж,
Гэндэнгийн гудамж,
Д.Чойдогийн гудамж,
С.Жамъяан гүний гудамж
“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор болох автомашингүй өдрөөр автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг багасгах, эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийг олон нийтэд уриална.
Жил бүрийн есдүгээр сарын 22-нд дэлхийн олон улсад автомашингүй өдрийг өнгөрүүлдэг бол манай улсад 2012 оноос эхлэн зохион байгуулжээ.